Thursday, April 29, 2010

Малчид гэж хэн бэ?

Барс цагт эс босвол өдрийн явдал нь хоцордог, багадаа эс сурвал насны явдал хоцордог, өөдлөхөд санах сэрэх хоёр, уруудахад унтах идэх хоёр, унтахыг хэмнэвэл ухаан нь сэргэдэг, ундаа хэмнэвэл судас нь чангардаг. Нүдээ байхад нь үзэж, шүдээ байхад нь гамнадаг, өчүүхэн нялхдаа эхийн сүүгээр өсдөг, өссөн цагт эцгийн элбэрэлийг хүртдэг, биеийн тэнхээг сэтгэлийн тэнхээгээрээ тэжээдэг. Инээд эвтэй, ханиад ханьтайг мэддэг, Мөрөө засаад биеэ засч, биеэ засаад гэрээн засч, гэрээ засаад Төрөө засч, төрөө засаад улс нийгэмээ төвхнүүлж чадвал нийтээрээ хэм тэгш жаргах хэмээх сургаалаар хүмүүжсэн. Тохироогүй хувцас нүдний балай, тослоогүй тэрэг чихний балай, буртгаа угааж цэвэр болох, буруугаа хэлбэл нөхөр болох, биеийн бохир сүр дарах, заваан хүн өвдөх нь их хэмээх ахуйн соёлтой. Жаргалын дээд нь сэтгэл амар, нөхрийн дээд нь үл атаархагч, гэм хийсэн гэдэс биш, гэнэт олдсон хоол биш хэмээх аман хуулинд захирагдаж, энэ хуулийг дагаж амьдардгаар малчин заяа мөнх билээ. Эндээс нүүдэлч малчныг тосгонжуулна хэмээн цэцэрхэх нь төөрөгдөл болохоос хөгжил биш, нүүдлийн иргэншил суурин иргэншлийн эхний шат биш гэдгийг ухаарч амьдрагчдыг малчин гэнэ.
Өрхөөр орсон салхи, сүүжний нүхээр үлээхийг хүртэл мэддэг, өсөх насандаа чармайж, үсээн цайвч гэмшилгүй, өсөх малыг өнгөнөөс нь таньдаг, өөдлөх хүнийг сэтгэлээс нь таньдаг, гүн бодолтныг явдлаас нь таньдаг, гүйх морийг сойлгоос нь таньдаг, дуулгавартай өсч, хамжааргатай өтөлдөг, өсөхөөн больсон мал хотондоо мөргөлдөхийг мэддэг, өөдлөхөөн больсон айл, гэртээн хэрэлддэгийг цээрлэдэг, өсөх нас холдож, ургах шүд зогсохыг ухаардаг, өдөр хийсэн ажил, хэлсэн үгээ шөнө орондоо шинждэг, өтлөхөд өвсөнд бүдэрч, өеөдөхөд өөхөнд хахдаг нь амьтаны ёс ч гэсэн хахах өөхтэй, бүдрэх өвстэй, чандмань эрдэнэ усаа хаанаас л бол хаанаас олоод уучихдаг, унах унаатай, хөллөх тэмээтэй, саах үнээтэй, хотлох хоньтой, үгүйрэх ямаатай, алжаалаа тайлж гэрт амьдрагсадыг малчин гэнэ.
Үсийн төдий эндүүрч, үхрийн чиний алдаа гаргадаггүй, үүд өрх сахих хүүтэй, ураг төрөл тэлэх охинтой, үүд муутын хоймор суудаггүй, удам муутын охинтой гэрлэдэггүй, оргүй хоосон-алсад буй ертөнц гэдгийг таньдаг, орон цаг, амьдрал хоёр үгүйг мэддэг, мөнх тэнгэрийн хишгийг хүртэж, хөх ногооны униар, хөрст дэлхийн шимээр амьдрагсадыг малчид гэнэ.
Оргүй хоосон-алсад буй ертөнц гэдгийг таньж хээрээр гэр хийж, хэцээр дэр хийх үедээ хийж чаддаг, эрийн сайнаар, малын буянаар амьд хоол, ундаа хүртэж, агт морьд армаг хурдан хүлэгээр аадан хөөж, дугуй сүүлт дун цагаан хониор алд биеэн хувцаслаж, өвчин эмгэгээ илааршуулж, дөрвөн улирлын туршид цагаан-улаан хоолоор тасардаггүй, дугуй дөрвөн ханан дотор амьдын жаргалыг эдлэж амьдардаг монголчуудыг бусдын буяныг хуваалцаж, амьгүй хоолоор гэдсээ түгжиж, амьгүй ус ууж, “барьж үзэх биегүй, байцаан шийтгэх эрхгүй, дорго шиг ээнэгшүүлж байгаад залгидаг эгдүүтэй амьтнаар” бие сэтгэлээ тэжээж, шавар нүхэнд бам чийгэнд баригдаж, ДОХ-оор цэнгэж, баараар цаг заваа барж, шаваарлалддаг амьдрал тулгах гэдэг жаргал гэж үү.
Орон цаг, амьдрал хоёр үгүйг мэдэрч, хүн байгалийн бүтээгдэхүүн гэдгээ ухаарч байгаль экологио хайрлаж, хадгалж, элээлгүй хойч үеийнхэндээ үлдээн, зөв амьдрахын замыг засаж, төрлөх монгол хэлээ өдөр бүр баяжуулж, ухаарч амьдардаг урт ухаант монголчуудыг маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэсэн сэтгэхүйгээр, байгалийнхаа баялагыг бэлэнчилж хөнөөж, төрлөх хэлээ архивлаж, зүгээр сууж, зөөлгөж идэж, сүнс нь хорогдох бүсгүй, биеэн байтугай нуудгайгаа хаах алгын чинээний ч нэхийгүй, шавар нүхэнд ам нь бардан, нууц нь шалдан амьдралыг ирээдүй хойчийн үр удамдаа авчирч, үлдээж байгаадаа гутрах юу ч билээдээ, төрийн төлөө огтоно гэгчээр түмний төлөө миний санаа зовох ч юу билээ хэмээн бодовч түм нэгээс эхлэдэг, төрийг ганц хүн барьдаг болохоор төрийн түшээддээ сонордуулж байнаа, үгүйдээ хойч үе маань бидний төлөө ганц ч болов боддог хүн байжээ гэж бодуулахаар бичиж үлдээж байна.
Биеийн бөхөөр нэгийг ялж, сэтгэлийн бөхөөр мянгыг ялдагыг мах цусандаа хүртэл шингээсэн, Эцгийн долоон дээд эцгээс гүн удамшилтай, Эхийн гурван дээд ээжээс гүн уламжлалтай, ухаанд нь ухна үхэх, сэтгэлд нь сэрх үхэх сургаалыг цаг үргэлж санаж явдаг, махнаас илүү сүүгээр хооллохоо мэддэг, шавар тагзанд суувал бам чийгтэхээс сэргийлж, салхи даган нүүж биеийн болон сэтгэл санаагаа үргэлж цэвэр ариун байлгахаа мэддэг, сайн юмыг харж нүдний гэмээ арилгадаг, муу юмыг харах байтугай хэлэхийг ч цээрлэдэг, сайн муу нийлж хүүдий дүүрдэгийг сургаж, муу сайн гэж хэлэхийн оронд ТХМ-аа халуун хүйтэн хушуут гэж ялгаж, муу үйлийг хүйтэн хушуут малтай, сайныг халуун хушуут малтай зүйрлэж ярьдаг, газар шороогүй бол орох орон, оочих ус, тэр ч бүү хэл хүн амьтан ч байхгүйг ухаарч эргэх дөрвөн улирал, ээлжлэх дөрвөн өнгөнд яаж ч ядарч зүдэрч явсан орон дэлхийгээ нүдний цөцгий мэт хайрладаг, газарт шаасан төмөр байтугай модон гадас ч үлдээдэггүй экологичид, малаа гэсэн сэтгэлдээ зовлон хурах зай гаргадаггүй, газар тэнгэр нийлж байсан ч малаа гэвэл амиа өхийг ч юман чинээ боддоггүйчуудыг малчин гэнэ.
Найрын гурван дуутай, наадмын гурван даваатай, хорвоогийн бүх юмыг хоёрхон шавхдасанд багтаадаг, бодоо ухаанаар малладаг, богио дагаж малладаг, унах морьтой, ачих тэмээтэй, саах үнээтэй, хотлох хоньтой, үгүйрэх ямаатай амьдрахаа мэддэг, олон хүүхэдтэй айл дээд баян, олон малтай айл дунд баян, хатуу хөрөнгөтэй айл адгийн баян гэдгийг мэддэг, эдийн баянаас сэтгэлийн баян илүүг ухаарч амьдрагсадыг малчин гэнэ.
Тэнгэрийг харж байвч барьж болдоггүй, хүмүүний оюун ухааныг харж чаддаггүй ч барьж болдогийг мэддэг, билигшиж тогтвоос яваандаа ялзарч төрөл арилжихийг, аргашиж салхилваас хэтдээ хийсэж далд орно гэдгийг мэдэж ухаарч амьдардаг малчдыг боловсролгүй гэх үү.
Уухаараан ухаанаан уудаг, уурлахаараан улаан галзуу болдог, ууж идэхдээн уургийн морь шиг, урагш гишгэхдээн ургаа хад шиг, урагш алхахдаан ултсан бух шиг, залгидгийн гэрт хоолгүй, залхуугийн гадаа түлшгүй, залж ирсэн бурхан шиг, засч чимсэн балин шиг, залуу байхдаан заднаас айж, өвгөн болохдоон өднөөс айдаг, залуу цагтаа замгүй явж, зөнөх цагт зовлонд учирах, залхуу хүн гэрийн буг, заваан хүн хувцасны буг, шийрэн хоолтой, шааран ундтай, эмээлээсээн өндөр даваа даваагүй, эхнэрээсээн ондоон хүнтэй танилцаагүй, эмээн дагаж төрхөмд нь зарагдаж, өрөнд баригдаж төрөгсдөөн зовоодог малчин байдгийг ч нуух юун. Ирэг, сэрх, чоно мэт явахыг “эрх чөлөө” мэтээр сэтгэж, малаа маллахын оронд мөрийтэй тоглоомонд хэдэн малаа өгч эцэг эхийн нэр алдрыг гутаагч, хөгшин морины наймаа хийх донтон байдаг ч сайн муу нийлж хүүдий дүүрдэг болохоор сайн давж муу нь хоцордог хуулиар малчин заяа мөнх юм.
Сайн сайхны тухай сайхан ярих нь хэлсэн бүхнээ хийчихсэн эсвэл заавал хэрэгжүүлнэ гэсэн үг биш, бидний толгойгоор тоглож, бидний тархийг амныхаа хийгээрээ угааж байна гэж ухаардаг малчдыг тэнэг гэх үү.
Монгол хүн хий махбодтой учраас хэлсэн бүхнийг хийчихсэнтэй адил андуурдаг бол хятад хүн шороон махбодтой учраас хийсэн хойно нь итгэдэг. Хүн залуу насандаа сэтгэн бодхоос бясалган ухаардаггүй учраас сайн сайхныг бүтээх тухай мөрөөдлийн урлагт итгэж, андуурах тохиол их байдгийг санан санан, хожим харамсахгүй байхын тулд сайн тунгааж бодох хэрэгтэйг санаж явдаг малчинг гэрсүү биш гэх үү.
Доодос нь туургандаа багтаж, дээдэс нь дээвэртээ нэгдэж, алив бүхэн тоонондоо захирагддаг онолоор ажиллаж, амьдардаг малчдыг гэрийн онолгүй гэх үү, биеэн даасан улс биш гэх үү.
Гал нь шороог олвоос алтыг бүтээж, ус нь шороог олвоос модыг ургуулж, шороо нь 4 цагийн эргэлт, таван махбодын амь учир, шороог алт ус хоёроос салгаваас сүйрэл дууддагыг мэддэг малчид экологчид биш гэж үү.
Боохой гүнцэглэчихсэн байвал нэг их харамсахгүй, тэхдээ дахиад гүнцэглүүлэхгүйгээ мэддэг, гүнцэглэсэн боохолдой хаанаас хэдүүлээ ирсэн, хаашаа явсан зэргийг мөрий нь мөшгөж мэдээд, хэдийд сэгэндээрээ эргэж ирхийг хүртэл гадарлаж, хамгаалахаа мэддэг малчдыг хал үзсэн, халуун чулуу долоосон гэхээс өөр юу хэлэх билээ.
Боохойн үүрэнд ч хутагтай ордоггүй нинжин сэтгэлтэй, зэрлэг амьтадын сүү, махаар эр биеэ илааршуулах увьдастай, таван хушуу малаа заавал тарган сүүлтэй адуулдаг малчдыг амьтан судлаачид биш гэх үү, оюун билиггүй гэх үү.
Өвөл идэх махны хорыг дарах жимс тарбосыг хатааж, дулаан цагийн идээ цагааг ургамал жимсээр арвижуулж иддэг, шөлтэй хоолоо таргаар амтлахаа мэддэг, давс нэг эрдэмтэй ерэн есөн гэмтэй, хужир нэг гэмтэй ерэн есөн эрдэмтэйг мэддэг, хужрыг тосон, шороон, мөсөн хужир гэж ялгаж, тосон хужирыг өвөл, хавар малдаа өгдөг, хужрыг “турахын цагт тушаа, таргалахын цагт ташуур” гэж сургадаг, чанасан махыг гургалдайнаас эхэлж идвэл хураан авч ёс журам мэдэхгүйг нь ойлгуулж ичээдэг малчдыг хоолны соёлгүй, малын дөргүй гэх үү.
Сүүлний тос илчлэг ихтэй, үнэртэй тул өвөл хэрэглэхэд зохимжтой.биед хурдан шингэж, дулаан их ялгаруулдаг. Уусамхай чанартай учир дулааны улиралд шингэц нь муу.. Загасны мах идээд сүү уувал гэдэс өвдөх, элдэв жимс идээд сүү уувал ходоодонд согог суух, царцуу боов боорцог тарагтай хамт идвэл ходоонд муу, тарвасыг боов боорцогтой хамт идвэл шар хөөрөх, тараг идсэний дараа халуун цай уувал ходоод хямрах, чанасан махны үнэр, уур нь гарч амжаагүй байхад битүү саванд хийж хоёроос дээш өдөр болговол үхлийн хор болох, толгой шийр идээд бүрэн шингэж дуусаагүй байхад нь мах идвэл хямрал үүсч өвчин болох, урьд нь идэж байгаагүй идээг гэнэт их идвэл уураг тархи хордох, хонины махыг чихэр жимстэй хольж идвэл ходоод гэмтэж бөөлжих, тоор идээд цай уувал гэдсэнд ээдэж, олон хоног гүйлгэх, шар тос, шөлөн тос, хүйтэн устай үл зохилдох тул идвээс гэдэс зангирах, халуун хоол идсэний дараа хүйтэн ус уувал ходоодонд муу, гөрөөс, буга, ямааны мах, өөх, дотор мах идээд ус уувал ходоодонд царцанги түгжрэл болохыг хүртэл мэдэж хоололдог, тэр ч бүү хэл эцэг эх, хүүхдийн идэх хоол эрс ялгаатай хэрэглэдэг малчдыг хоолны соёлгүй гэж бичдэг, ярьдаг хүмүүсийн сонорт хүргэх зорилгоор цохон тэмдэглэж байна.
Жирэмсэн хүнд үл зохих идээний талаар:
Ямааны мах их идвэл сэрүүдэж, шээс задгайрч бие сулран өвчин ээрнэ. Тахианы мах, хатаасан загас, гахайн зууш идвэл төрсөн хүүхдээс нь яр шарх салахгүй. Нугасны өндөг идвэл хүүхэд нь тонгоруугаар гарна. Хатуу архи дарс уувал ярдаг, яхир бөгөөд хийрхэг, эрэмдэг хүүхэд төрдөг.
Тэмээний мах байнга идвэл хүүхэд шувтан гуятай, эсвэл сэтэрхий уруултай хүүхэд гарна хэмээн цээрлэдэг нь ямарч юманд хэмжээ хязгаар гэж байдаг учраас тохируулж идэх зарчмыг баримтлахыг сургадаг байна.
Зуны дэлгэр цагт хүний шар усны нүх нээгдэж, цус төлжих үед од эрхсийн хөдөлгөөн тохиололыг өөртөө эерэг нөлөөтэй цаг хугацаанд хүртэж алд биеэ илааршуулдаг, тухайлбал сүлд бус өдөр хануур төөнүүрийг хийдэг, хийлгэдэг, эмчилгээ сувилгааны гамыг нарийн баримталдаг, баримтлуулдаг, рашаан усанд орж, эмчилгээ хийлгэж, 14 хоногоос сарын дотор гам хийж эмчилгээгээ бэхжүүлдэг. Гам алдвал хор болдгийг хүртэл мэддэг, өвөл хүний шар усны нүх хаагддаг. Тиймээс мах нэн ялангуяа адуу, хонины мах, өрмөн тос зэрэг илчлэг хүнс хэрэглэж, үслэг дулаан хувцас өмсч, хөл гар, бөгсөн биеийг дааруулахгүйгээ мэддэг, өглөө заавал унд ууж, бага ч гэсэн хооллодог. Энэ нь ходоодны хий хурах, хясалтаа ихэснээс ходоод шархлахаас хамгаалдаг байна. Ходоодны хийг зун цагийн хонины баас үнэрлүүлж, эсвэл хонины шимтэй ясаар утаж илааршуулдаг малчдыг хоньгүй болговол яах билээ дээ.
Ходоод халуун оргиж, гашуун огидос гарах болсон бол буцалгасан ус мөнгө, зэс аяганд хөргөж уу. өглөө агаарт явж, харзны хүйтэн ус ууж, хөл нүцгэн явдаг. Хяруу, анхны цаснаар хөл нүцгэн явахад хоолой өвдөхөөс бүрэн сэргийлдэг. Харин хаврын ус хортой, хур бороонд угаагдахаас өмнө ус гатлах, рашаан усанд орохыг цээрлэдэг. Хөлдөж үхсэн малын махыг зэс, гууль хийж чанаж хоры гаргаж хэрэглэхээ мэддэг химичид.
Хүүхдээ тогтоосон хугацаанд хэмжээтэй, хооллож сургадаг. Идэш ихтэй хүүхэд залхуу, амьдрах овсогоогүй болдог зарчим баримтладаг зэрэг малчдын хоолны соёлыг бичиж үл барнам.
Үгээр биш, үйлээр дүүрэн, мөнгөөр биш, сэтгэлээр баян байдаг малчдын ТХМ нь ачтай буянтай өчигдөр, азтай золтой өнөөдөр, одтой олзтой маргааш байдгаараа гурван цагийн эргэлтэнд мөнх амьдардаг малчдыг ирээдүйгүй, хөгжлийн туйлдаа хүрсэн, цааш хөгжих боломжгүй, хоцрогдсон, мал дагаж мал болсон, хүн төрдөггүй, буй болдог, хүмүүжил хүнийг бүтээдэг хэмээн цэцэрхэгч зарим эрдэмтэн мэргэдүүдтэй санал зөрж байгаагаа илэрхийлэн бичиж байнаа.
Малынхаа буянаар бид дэлхий даяар олонтоо тохиолдож байсан эдийн засгийн хүнд хүнд хямрал, өлсгөлөнгийн сүйрэлийг үзээгүй, Манжийн дарлалд 200 гаруй жилд ч төрийн тусгаар тогтнолоо алдсан ч өнөөдрийнх шиг том жижиггүй хогон дээр амьдрагчдын бүхэл армиуд байгаа гүй.
Доодос нь туургандаа багтаж, дээдэс нь дээвэртээ нэгдэж, алив бүхэн тоонондоо захирагддаг онолоор ажиллаж, амьдардаг уламжлал зөвхөн малчдад хадгалагдаж байгааг өнөөдрийн төр засагтаа ухааруулах, сэрээх зорилгоор бичиж байнаа. Нүүдлийн ба суурин иргэншлийг шинжлэх ухааны хэлээр илэрхийлвэл НИ-динамик систем буюу урсгал ус гэвэл СИ-статик систем буюу цөөрөм, шалбааг аажимдаа ширгэж, ялзарч намаг болдогтой адил СИ-ийн хүний хөгжил мөхөл рүү ойртож явнаа.
“Ургаж байгаа мод язардаггүй, урсаж байгаа ус өмхийрдэггүй” гэгчээр аливаа юмс үзэгдэл байнга хөдлөж байж хөгждэг, хөгжил дэвшил хүн нийгэмд ирэх ёстойгоос малчид өвөл зунгүй байшинд суувал соёлжиж, гэрт амьдрагчид соёлгүй, орон сууцанд амьдрагчид соёлтой гэж эсгий туургатаныг шороон туургатнаар солих гэхийг гэрийг байшингаар солих гэж ойлгодог мангуунууд энд тэндгүй байгаад харамсаж явдагаа нуух юун.
“Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр” хэмээн ухаарагчдийг наймаачин, “өнөөдрийн уушигнаас маргаашийн өөх дээр” хэмээн сэтгэгчдийг төрийн хүн гэж ялгаж чаддаг малчид төрөхдөө наймааны ухааныг өвөртлөөд төрдөг учраас суурин иргэншлийнхний ажил амьдралын эдийн засгийн үндэс, зах зээлд амьдрахын үндсэн арга-бизнесийн ухаанаа тэдэнд зааж сургах гэж битгий цаг, хөрөнгөө зар, харин тэднээс суралц, малдаа мөнгө зарахгүй өсгөөд чаддаг шигээ та нараас тэд мөнгө нэхэхгүй. Тухайлбал МУ-ын гавъяат эмч, доктор, профессор, Элэгний гэж монголд байтугай дэлхийд бүтээл нь алдаршсан М. Шагдарсүрэнгийн “Сэтгэл гэгээрээсэй” бүтээлийн 93-р хуудсанд “Нэг хонины сүүлийг хэрхэн таван хонь болгосон тухай” эсээг уншаарай, танд нэгийг ухааруулах төдийгүй Миний “монголчууд наймааны ухаанаа өвөртлөөд төрдөг” хэмээн цэцэрхэхийн учрыг ойлгох болно.
Өөрийгөө болон үр хүүхэд ач зээ хэнийг л бол хэнийг ч амьсгалын тоо, судасны цохилт, бие махбодын хэлбэр ялангуяа гарын алга, өндөгний ба хэлний хээгээр иж бүрэн шинжиж, урт наслах эсэх, хоол элбэгтэй эсэх, баян тарган эсэх, олон цөөн хүүхэдтэй эсэх, хүйсийн аль нь олон эсэх, амьдралын зовлон жаргалангий нь хүртэл шинжиж мэддэг учраас тус хийж ч мэдэх, ус болж ч болох учир хэн бүхэнд үзүүлдэггүй нуудаг малчдыг хүн судлаачид биш гэх үү,
Цэцэнд хоёр чих цөөдөх, тэнэгт ганц чих олдох, чихэр идвээс шүд гутах, чимэг ихэдвээс ой гутах, урт хормой хөл ороох, урт хэл хүзүү ороох, биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал, номын ёсонд зохицож номхон төлөв болдог, төрийн ёсонд тохирч төлөв түвшин болдог Малчид боловсролтой хүний мөн чанарыг хадгалж, хөгжиж байгаа нь тэр биш үү.
Эхийн хэвлийд үр бүрэлдэх мөчөөс эх хүн бие сэтгэл, ам хэлээр үйлдэх хилэнцийг тэвчиж, амар амгаланг эрхэмлэж. араг үүрч савар барьж, аргал түүж, барцадаа нимгэлж, хүүхдээ хөөнгөтөн томруулахгүй, зовж зүдрэхгүй нярайлахаа мэддэг. Цэнгэг агаараар амьсгалж, цэнхэр тэнгэрээ ширтэн ариуссан эхээс сэргэлэн цовоо ухаалаг хүүхэд төрөх нь мэдээж биз ээ. Ижий нь ангир ууригаараа амлуулж, сүүгээ шимүүлж, сүүл хөхүүлж өсгөвөл эелдэг зөөлөн зан ааштай, эрүүл чийрэг бие бялдартай, сэтгэл түвшин, хүн болох зам мөрий нь нээдэг. Нярай хүүхдийнхээ өлгийн бүсийг чанга бүслэж гар хөлий нь шулуун болгодог. Хүүхдийг таван нас хүрмэгц унаалуулж, бодын хошуу эргүүлдэг, богийг малладаг болгодог. Хүний урд орсон хөнгөн шингэн, аливаа үйлийг шалмаг түргэн хийдэг дадал, заншилд сургадгийг дорныхон ёогийн дасгал, өрнийнхөн спортын дасгал хэмээн нэрлэж, нүүдэлчдийн амьдрал ахуйтай холбон эзэмшиж, аяндаа цэгцрэх онолоор өөрийнсүүлж, нутагшуулсныг одоо үед манай залуучууд тэднийг шүтэн биширч хуулан сүр бадруулан эзэмшихэд багагүй цаг заваа зарцуулах болжээ.
Хүүхдээ гашуунаар тэтгэдэггүй, амттанаар цадгадаггүй, тансагт умбуулдаггүй, хөнгөнд гялбуулдаггүй, улай үзүүлдэггүй, найранд явуулдаггүй, барьж тавих болмогц нь баруун гары нь сургадаг, хэлд оромц нь эрхлэх үг хэлдэггүй, явж чадмагц нь овон товонго ухуулдаг, мэхэс хийж сурмагц ёслол найр тавихыг сургадаг, өлгийтэйгээс нь сүүл хөхүүлж, эсгий үнэгээр хуурч, эхийн сүүгээр нь хооллож, улмаар хурга, ишгээр тоглуулж малыг төдийгүй амьд бүхнийг хайрлаж сургадаг малчид сурган хүмүүжүүлэгч багш биш үү.
Үр хүүхэддээ мал маллах нь амьдралын эх сурвалж, баяжихын үндэс гэж сургадаг, “Хониор хүндэлвэл, үхрээр хүндлүүлдэг” хэмээн авах гээхийн ухаан суулгадаг, номы нь үгүй ч, номхоны нь сургаж хүмүүжүүлдэг, хошуу бүлээцүүлэх юм, чих дэлсэх үг горьдохыг цээрлэдэг, том хүний үг ярианд оролцох байтугай сонсохыг цээрлэдэг, “хүний бага нь хөдлөж, шувууны бага жиргэдэг” хэмээн ахмад хүнтэй урьдаж мэндэлж, найр тавьж сургадаг, мал дагавал ам тосдоно, хүн дагавал толгой цусдаж ч мэднэ, тэгвэл мал дагасан нь малчин болж, эрхэлсэн ажилтай, насны хоолтой, эхнэр хүүхдээ тэжээж, үр удмаа үлдээж хүн болсон гавъяагаа дархалдаг бол хүн дагасан нь эрсдэлтэй гэж сургах нь хэтрүүлэг биш байж ч мэднэ.
Хүнд нойр залхуу гэж хоёр дайсан бий. Нойрмог хүн залхуу, залхуу хүн нойрмог байдаг, түүнтэй тэмцэж ялж давсан хүн “эрдэм мэдлэг өгөх тутам үрждэг, эд баялаг өгөх тутам хорогддог”-ыг ухаарч амьдардаг юм.
Буман цагаан хонио хариулж, хол ойроос шинжин суухын сайханыг амтлуулж, хониныхоо дэргэд бясалгал хийж, үнэрээр нь хооллож, жаргаж чаддаг малчдаараа бахархгүй юм бол өөр юугаар бахарх вэ?
Эдийн засгийн хэлээр бол хүний хийснийг зөөж идэх бус өөрийн хийснийг хүргэж өгөх зарчим дээр тулгуурладаг учраас хамгийн цэвэр эдийн засаг бөгөөд үүний учир байгалийн бус аливаа эрсдэлээс ангид байдаг.
Ертөнцийн аяндаа цэгцрэх тогтолцоогоор тогтсон Бугын хангай, Зээрийн тал, Хавтгайн говьд бидний элэнц хуланц, эцэг өвгөд, бид ч бидний хойч үе ч ирэхүй ба одхуйн орчилд мөнхрөх тавилантай ажай. Хангайн буга, хээрийн зээр, говийн хавтгай ховордсон ч таван хушуу малтайгаа байвал Монгол улс даяаршилд дангааршин хүн төрлөхтөн сөнөхөд л хамт сөнөх болно.
Бидэнд хангайн уулсын ар, өвөрийн ам бүхэнд, говь хээрийн дов толгод, гуу жалга бут бударганд бараа бараандаа бэлчээр байвал айлсаж, бэнчин хүрвэл хуваалцаж амьдардаг мал дагасан хэдэн малчдын ухаан, үндэсний хэл, урлаг соёл, ёс суртахуунаас илүү ариун юу байна вэ? үзүүлээч, харуулаач, хэлээч. Энийг хэлж чадах хэн бүхэн хойч үе, эх орон, эх дэлхийнхээ төлөө санаа зовох болов уу гэсэн дээ хань эрж бичиж байнаа.
Бидний хөдөөнийхөн хөдөө царайтан, хөдөөгийн юм гэдэг нь “мангар тэнэг” гэдэг үгийн утгатай ижил болтлоо дооглогдсон тэр орчин, тэнд л Монголын ирээдүй нуугдаж байгааг төр, засаг, бид албаар гишгэлж, өөрийн зоргоор болгох гээд байгааг ил гарган тавьж, Монголын өнгөрсөн ба ирээдүйг гуравдах буюу далд мэлмийдээ тольдон тунгааж бичсэн Монголын үндэсний баатар Л. Түдэвийн 30 гаруй боть бүтээлийн чуулганаас тунгааж үзээрэй түмэн олон мину. Баатарын “Малчин ө-ийнд ноён ө зочлов” туужийг уншихад л та бүхэн гарал үүсэл, удам угсаа, соёл иргэншил, үндэсний ёс суртахуун, зан заншил, эх орон элгэн нутаг, хүн болж төрөх, амьдрахын утга учир, зовлон жаргал гэж юу болохыг ухаархын зэрэгцээгээр нүүдлийн соёл иргэншлийн тухай ойлголттой болж, энэ иргэншлийн удам угсааг залгаж байгаадаа бахархан, суурин иргэншилтэйтэй хослуулан хөгжих тавилантай болохыг ухаарах болно.
“Өөхөнд боовч нохой шиншихгүй, өвсөнд ороосон ч үхэр үнэрлэхгүй” болчихвий гэж хойч үеэ хэрсүүжүүлсээр энэ насыг элээж байгаа болохоор өрнийн ч бай дорнын ч бай өөр бусдын өмнө сохроор бөхөлзөж дэлхийн талыг эзлэж байснаа дурсан, мөрөөдөх төдийгөөр шалдаан буух учиргүйсэн. Газрын баялаг, таван хушуу мал сүрэгээ дэлхийд дархлах юмсан.
Хүүхдээ хурууны хээ нь эвдрээгүй байхад нь судас бариулж сургадаг малчид, ер нь хүн сэтгэлийн амьтан учраас болж байгаагаас, болоод өнгөрснөөс, болох гэж байгаа юм бүхнээс байнга сэтгэлээ түгшээн, айдас зовнил, эвгүйцэл, аягүйдлийг мэдэрч байдаг нь амьтанаас ялгаж, нүцгэн төрөөд нүцгэн буцдаг, дуу аялаж ирээд дуугаа хурааж буцдаг, инээлгэж ирээд, уйлуулж буцдагтай холбоотой ч юм билүүдээ гэж бодох.
“Ирэг тарган бол хот дүүрэн, иргэн баян бол улс баян” онолыг баримтладаг, нутгаа сонгохдоо усы нь шинждэг, өвлийн малыг өвдөгнөөс нь хаврын малыг хавирганаас нь арчилдаг, хүний нутагт хаанчилж амьдрахаар өөрийн нутагт гуйлагчилж амьдархыг сургадаг, уугуул ус ширгэж, суугуул нутаг маань “там” боллоо ч эргэх дөрвөн улирал, ээлжлэх дөрвөн өнгөтэй, цэнхэр тэнгэртэй, цэвэр агаартай, цэнгэг ус рашаантай, шимт хөрсөнд нь дэлхийд ховор ургамал ургасан, дэлгэр баян хангайд нь ан амьтан, араатан жигүүртэн үүрлээгүй ч гэсэн гурван бүсийн цэнхэр нутагтаа эзэн нь монгол хүн амьдарч л таарна. Үнэн гэдэг алтнаас үнэтэй боловч усанд хөвөөд гарч ирдэг эсвэл “ой мод урттай богинотой гэдэг шиг сайн зүйл байна гэж ойлгон бусдын хөгжлийн замыг сохороор дагах, давтах зэрэг нь амжилтанд хүрдэггүй нь эртнээс танигдсан зүйлийг айлаас эрэхээс авдраа уудал гэдэг болоод байна даа. Яаж энэ засаг төрийг сэрээе дээ?
Та бид элэнц, хуланцынхаа “эгэмний махаа яс болтол, хөлийн тавгиа туурай болтол” мөлхөж бүтээсэн таван хушуу мал, эсгий гэрийнхээ буянаар үрсийнхээ төлөө есөн хүслээр амьдарч, үүслийн гурван эрдэнэд үндэслэж урган цэцэглэж одхуйг барж, ирэхүйд ч мөнхрөх тавилантай биз ээ . . .
Гэргүйгээр бугын хангай, зээрийн тал, хавтгайн говьд хүн яаж амьдарч, нүүдлийн соёл иргэншлийг хадгалж, явах вэ?, хүн төрлөхтөний ирэхүйн орчлийг судлаж буй эрдэмтэд Чингисийг судалж, мяганы хүнээр тодруулж, улмаар өнөөгийн Монголыг судалж эхэлсэн нь үүх түүхээ эс хэрэгсвээс үнэнийг мэдэх хувь үгүй, үндэс угсаагаа үл хайхарваас үхлээс зайлах арга гэж үгүй гэдгийг сануулж байнам.
Шинжлэх ухаан техникийн асар үсрэнгүй дэвшил нь суут эрдэмтэдийг үй түмээр нь төрүүлсэн төдийгүй суурин соёл иргэншлийг хиймэл диваажин мэт болгосноороо гайхамшигтай боловч үй түмэн эгэл хүмүүсийн оюун санаа, сэтгэн бодох чадварыг зогсонг байдалд оруулж улмаар тархины тураалд орох боломжийг нээж биеийн механик эрчим хүчийг нь архивлаж, бусдад оюун ухаанаа худалдсан олзлогдсон боол мэт болгож, хэмжээ хязгааргүй эрэлт-нийлүүлэлтийн дуулгавартай зарц болон, эх болсон байгаль дэлхийнхээ эвлэршгүй дайсан болгон хувиргаж байгаа нь эцсийн дүндээ хүний хөгжлийг бүхэлд нь эрэмдэг зэрэмдэг, тахир дутуу болгож байгаа түүхэн гэмт хэргийн шинж чанартай үйл явц биш гэж үү.
Өвөл өвс сонгох хэрэггүй, өтлөхөд морь сонгох хэрэггүйг ухааран, анхны цас эм, адгын цас хор гэдгийг мэддэг, анхны цаснаар хагдарсан өвс нэг хоёр хоногтоо дахин шим суудаг, эхний хүйтэнд биеий нь чангалж авахгүй бол өвлийн хүйтэн давахад бэрх, 12 сар гартал өвөлжөө бууцанд буудаггүй, хониныхоо үсний үзүүрийг хурууны өндгөөр имэрч үзэхэд тос гялтганатал таргалуулж санаа нь амардаг. Хургыг үснээс нь битгий зулгааж бай, үсний гал нь унтарчихна хэмээн сургадаг. Харанхуй шөнө хурганы үсийг илж үзэх юм бол гал маналзаж, хэдэн минут үргэлжилбэл маналзахаа больдог нь хонины ноосонд цахилгаан цэнэгийн давхраган бүрхүүл үүсч гаднаас хүйтэн нэвтрэхийг үлэмж багасгадаг байна. Үүний үр дүнд хонины ноос дулаанаа удаан хадгалах нөхцөл бүрддэг.
Хүний хувь эдлэх эрхийг төрүүлсэн аав, ээжээс илүүтэй “эх барьж авсан ээж” шийддэг, өтөлсөн хойно нь ам барих ач хүү нь шийддэг байсан нь удамшил, уламжлалаа цэвэр ариун хадгалж байсаныг шалгарсан арга байжээ гэвэл одоогийн залуучууд хүний эрхэнд халдсан гэж яаж түвчихнэх болоо гэж бодох
Худаг шанд хатаж, булаг гол ширгэж, хур бороо дусах нь багасан, ургасан жааханыг нь ямаа үрээ цацахаас нь өмнө хүртэж, газрын хөрс улам хуурайшиж байхад, засаг төр нь булхайчдаар дүүрч, булай бүхнийг уургалан авч е тооны өндөр зэргээр үржүүлэн өсгөсөөр төрсөн үр хүүхдээ ч золиослож байгаа үе байх юм хэмээн эргүүтэх ч юу билээ.
Малчны дээр дурдсан үлэмжийн гоо агуу бүтээлийг ургаас урагт удам судартаа тайлж, үрээс үрд үлгэр туйлсдаа хайлж, үнэн мөнийг хадгалж ирсэн уламжлалаа урж тасдан хаяж, улс эх орноо өөрсдийгөө газрын хөрснөөс арчиж эхэлсэнд ахмад бүхэн, нийт ард түмэн бухимдаж, дээшээ харвал тэнгэр улам холдож, доошоо харвал газар үхлийн хар нүх боллоо.
Нүүдэл дагасан монголчуудын, суудал шүтсэн өрнөдийнхнөөс ондоон болох нарийн учиртайн нэгэн онцлог нь Монголчууд салхийг дөрвөн улирлын чанар өнгөн дээр, орчлон мөнх бусын сургаал номнол дээр, “хоосон чанарын” дэнсэн дээр тавьж, танин мэдэж, соёлын үнэлэмж, мэдлэг мэдээллийг бүтээсэнд оршимой.
Малчдын хүүхдийг зургаан наснаас сургуульд хүчээр суулгах нь малчин уламжлалын үрийг тасалж, малаа мэддэггүй, махчин мангасуудын уурхай бэлтгэж эхэллээ. Товчоор тодорхойлбол “морио босоогоороо унтахыг далайн таталтын хүч, эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлтийн хүч” гэж ухаардаг холч ухаантай монголчуудыг сэтгэлд нь сэрх үхүүлж, ухаанд нь ухна үхүүлэхээс өөр юу ч бодох чадваргүй, дээшээ харж идэж, доошоо харж тонгойхоос өөр юу ч хийх ажлын чадвар дадлагагүй, дээрээн шүдтэйгээс үхэртэй адилхан болгож “бага үндэстэн их үндэстэнд уусаж живээд мөхөж үгүй болдог” зам руу дөрлүүлсэн үхэр шиг хөтлөгдөж яваагаа үл мэдэгч ард бид буруутай ч “үндэстэн өөрөө өөрийгөө мөхөөх” сонгодог аргыг сонгосон, дээрэмдэж олсон мөнгөөрөө худалдаж авсан эрхтэй тушаалтануудаар бариулсан төрийн буруутай үйл ажиллагаанаас илүүтэй хамаарч байна.

Хүнд элдэвийн зовлон тохиолдоно, түүн дотроос мэдэхгүйн зовлон хамгийн аюултай, мэдэхгүй байж, мэдэмхийрхийн зовлон бүр аюултай.
Х. Сүхбаатар

Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо (нүүдэлчид), эсвэл мөлхдөг нь мөлхдөгөөрөө, нисдэг нь нисдэгээрээ(суурингийнхан), элэг мадгүй инээж, тэнгэр газаргүй баярлаж амьдрахын өлзий ерөөл орших болтугай !!!


Монголын ирээдүй үргэлж цэлмэг, цэлэлзэж байх болтугай.


Монгол Улсын Гавъяат багш Х. Сүхбаатар


УБ хот. 2010 он.

No comments:

Post a Comment