Thursday, April 29, 2010

Арвагар хээрийн хөшөөг хөх толботнуудын хийморийг сэргээдэг энергийн төв, адууны цогцолбор болгон хөгжүүлье

(сэтгэгдэл)
МУГ багш Х. Сүхбаатар

Арвагар хээрийн хөшөөг зөвхөн монголчууд төдийгүй, гадаадын зочид төлөөлөгчид, гадаад дотоодын тамирчид олон улсын тэмцээнд орхын өмнө аялан очиж үзэж хийморио сэргээдэг орчин үеийн хэллэгээр энергийн төв болтол нь хөгжүүлэх сайхан боломж миний зөн билгийн мэлмийд харагдаж байгаагаа та бүхний сонорт хүргэж байгааг минь алдарт уяачид, хөшөө зохиогчид болон ивээн тэтгэгчид, молор эрдэнэ болсон морио гэсэн нийт монголчуудын сонорыг мялааж бичиж байна.
Хөшөө барьсан мэлийсэн тал дээр торойн харагдах толгойг “шар толгой”, одоо “баян толгой” гэж нэрлэнэ. Энэ нутаг нь халхчуудын өлгий Бугын хангай, Зээрийн хээр, Хавтгайн говьийн гурвалсан нутгийн адууны бэлчээр нутаг, эртний монголчуудын адууны угшил үе залгамжилж ирсэн түүх уламжлалтай адууны молор эрдэнэ толгойг, сүнс сүүдэртэй нь хамт залдаг өлгий нутаг байна. Азрага, морины толгойг ялгаж хоёр эгнээ болгож, танилцуулгатай болгомоор санагдана. Энд залагдсан морьдын түүхийг нэхэн бичсэн, бичдэг хөлгөн судар нэртэй дэвтэрийг нээж ажиллуулах. Энэ дэвтрийн хийцийн талаар уралдаан зарлаж сонгон шалгаруулах нь зохимжтой мэт.
Энд залагдсан, залагдах адууны толгой нь зөвхөн хурдан хүлэгийн толгойг залсан байгаа, цаашид ч зална байх. Тухайлбал Батхүүгийн толин хул, Эрдэнэчулууны шарга азраганаас эхлээд залаад эхэлмэгц улаанбаатарын, баруун аймгуудын хурдан хүлгүүдийн сүнсний өлгий нутаг болон арвай хээрийнхэн монголчуудын зүрх болон мандах ирээдүй гэрэлтэх мэт нүдний үзүүрт зэрэглээтэх юун билээ. Махы нь идсэн сүүж, маяагий нь мөлжсөн дал, нүдий нь ухсан толгойг гэрт хонуулдаггүй, чөтгөр эсвэл сүнс хорогдоно гэж үздэг атлаа монгол ухаанаар ургуулан бодвол халуун хошуут адуу тэнгэрээс авшиг хүртэж амьдардаг учраас адууныхаа толгойг толгодын орой дээр залдаг нь хөх тэнгэрт оршуулж байгаа юм гэвэл нүдний аяга ясыг ч гэмтээдэггүй нь нүдний аяганд сүнсий нь хадгалдаг гэлтэй. Энэхүү сүнс нь эзнээ ивээн тэтгэж дахин төрж, буян хишгээ хайрлаж байдаг. Тиймийн учир сайн бөх, хөлөг, хүлэгийн толгойг хулгайлж өөрийн нутаг хошуундаа залж сайн бөхтэй, хурдан хүлэгтэй болсон түүх, домог болон олны дунд яригддаг нь юу хэлээд байнаа Арвайчууд аа. Ид шид нь биендээ гэхээсээ сүнсэндээ байдгаас сүнсий нь хулгайлдаг гэвэл хир зэрэг үнэнд ойртох болоо? Орчин үеийн шинжлэх ухаанд харшлахгүй гэдгийг Би өөрөө хамгаалж чаднаа харин бусад . . .
Арвагар хээр хэмээх нэрийн тухайд: 1. Монгол даяар алдаршсан нэр нь арвай хээр, үүнийг дагаад өвөр хангайчуудыг арвай хээрийнхэн гэж төв халхчуудаас ялгаж нэрлэдэг, арвай хээрийн өмд гутлынхан ч гэж хочилдог ч бас нэгийг хэлнэ. Арвай будаа шиг олон хурдан хээр адуутай эсвэл арвай будаа шиг тал талаасаа цугалчихаад хуруудаж, айрагдаж зуны сарыг зургаа юм шиг, намрын сарыг найм юм шиг найрлаад байдаг ч малын буян нь барагддаггүй буянтан эсвэл адууны зүс хээр байвал аль ч нутагт арвай будаа шиг хүн малгүй өсхийн бэлэгдэл эсвэл хаанаас ч олдоод байдаг буян биш зөвхөн арвай хээрийнхний буян шүү гэсэн мэт.
Гэтэл арвагар гэх нь цаанаа “миний хамгийн хөөрхөн хүү” гэхийн оронд “миний муухай хүү” хэмээн үнэн сэтгэлээсээ хайрлаж байдаг шиг “алдарт хурдан хүлэг” гэхийг арчийж үрчийсэн хээр гэж хар хэл амнаас айхдаа нэрлэсэн гэж ойлгох хүн тун ч ховордсондоо. Монгол ухаанд эерэг талыг чанад сөрөг лугаа шүтэлцүүлэн өнгө чанарыг нь сэтгэхүйдээ хувирган сөргүүлж эерэгшүүлдэг жамыг суурин иргэншилийнхэн байтугай залуу малчид аль хэдийн мартсан шүү дээ. Хөшөөг хараад арвагар гэсэн чинь ямар сайхан морь вэ?, арвайсан жижигхэн туранхай морь байх гэсэн чинь хотын алдарт уяачдын тэжээлээр уясан морь байна шүү дээ гэж бодогдож байсныг нуух юун. Монголчууд хий махбодтой учраас намар цагийн намираа хонгор салхи, өвөл цагийн сахал цантам жавар-салхи, хавар цагийн гүйгүүл цэнхэр салхи, зулай илж таалах зун цагийн зөөлөн сэвшээ салхиар гэрлэн биеэ ариусгаж, сүлд хийморио залж амьдардаг учраас зуны сэвшээ салхинд морь уядаг уламжлалтай юм шүү.

Хөшөөг барьсан урлагын хувьд өөлөх чадвар надад алга, зүсний хувьд ч тон донж нь таарсан, сайхан морины шинж тод харагдаж байв. Харин хурдан морины шинж, морь хүн хоёрын хүйн холбоог илэрхийлж байдаг монгол зан үйлтэй уялдуулж ёс горимын хувьд бодмоор, нэмж засах зүйл нилээд байна. Арвагар хээрийг төрсөн нутаг усанд нь бие, сэтгэлийн таашаалаар нь уяж хурдлуулж байсан, хэн ч харсан ийм ястай морь хурдан байхаас яахав эсвэл хавирганы матаас дуграг агуу эсвэл салтаа агуу, эсвэл гурван овоо тэгш, эсвэл булчин шөрмөс нь зангирсан эсвэл хэн ч хараад хурдан хүлэг гэж ялгахааргүй энгийн гэх мэт, уяж байгаа морины хүч нимгэн баймаар гэтэл хурдан хүлгийн шинжгүй, унааны сайхан морины хөрөг гэмээр байна.
Адууг зогсоогоор унтуулахын тулд гурван тулгууртай заяасан, тухайлбал толгойн тугуурийн үүргийг далан нь гүйцэтгэнэ. Далан нь толгойгоо нэг цагаас илүү даахгүй учраас адуу үүрээр ганц цагаас илүү унтдаггүй. Адууны толгойны онолыг дуурайлгаж өргөх краныг хийсэн гэлтэй. Краны сум нь хүзүү, шанага нь толгой, далан нь канад татуурга нь байгаа юм. Чээжин талыг урд хоёр хөл, хойт хоёр хөл нь бөгсөн талыг тэнцүүлж байдаг учраас гурван овоо тэгш байх нь хурдан байхын нэг шинж тул уяа нь ороод ирхээр дөрвөн хөлөө дэв тэгшхэн зогсож, бага зэрэг тонгойн, толгойгоо жолоогоороо тэнцүүлж зүүрмэглээд, зүүдлээд бие, сэтгэхүй нь зэрэг амарч байдаг. Дэлний эх хөхөл (согсоо, цомцог), дэлний төгсгөл сойлгыг авдаггүй үлдээж дэллэдэг аман хуулийг мартаж болохгүй учир нэмж барьмаар. Хөхөлийг улаан давуу буюу эр үхрийн сураар боодог нь сүлд хийморыг сэргээж, давхилын үед дух руу салхи сэвж, хөх тэнгэрээс авшиг хүртэх боломжий нь сайжруулж духий нь ил гаргаж байгаа юм. Хүлэгийн сойлгонд эмэгтэй хүн хүрдэггүй нь эцгийн толгойд гар хүрдэггүйтэй адил, 12-оос дээш насны эмэгтэй хүүхдээр хурдан морио унаалдаггүй, нөгөө талаар адууны гангараа, сүр хүч нь дэлэндээ байдаг учраас сойлгыг авдаггүй юм. Азраганы дэлийг авдаггүйн учир ч үүнд оршино.
Адууны сүүл засаа буюу дэлэн хөхийг хүйтэнд салхи шуурга салтаагаар үлээхээс хамгаалах, халуунд шарваж сэрүүцүүлэх, ялаа шумуул үргээх үүрэгтэй учраас давхил дунд салтаагаар нь салхи оруулахын тулд сүүлний дунд хэсгийг боодог юм. Уясан морио тавихдаа заавал сүүл, хөхөлийн боолтоо авдаг юм. Арвагар хээрийгээ хөхөл, мундаагий нь мулт хусаж, сүүлий нь боосон атал сул алхаж яваагаар дүрсэлсэн нь арвай хээрийнхэний адуугаа малчлах арга ухаан, хийморь нь арвагар хээрээрээ дуусчээ гэсэн сэтгэгдэл төрснөө монгол улсын алдарт уяач, хөшөөг санаачлагчдын тэргүүн Батхүүд сонордуулж байна. Эсвэл арвайчууд зах зээлийн нөхцөлд тохируулж ажнай хурднуудынхаа мөнх тэнгэрийн хишиг хүртдэг хөхөл, хийморь сүнсний билиг тэмдэг мундааны сойлгыг хүртэл мулталдаг болоо юу? Ахмад буурлууд баруун гараараа хайртай морь азарганыхаа хөхөлий нь сөхөж духны хөлсийг ханцуйгаараа арчиж, мундаанд нь мөргөж, ам нь хөдлөж байгаа харагддаг нь харааж зүхээгүй л байх буян хишигээ өгөөч эсвэл азрага бол хүлэг төрүүлж өгөхийг эсвэл адуугаа түм болгож өсхийн тарина уншдаг байх. Сойлгонд нь мөргөдөг нь далны дэлэнд нь мөргөж байгаа юм. Сойлго нь аль тийшээ унжиж байгаа нь хүртэл маш нарийн учир утгатай шүү. Тухайлбал зөв тийшээ, эсвэл буруу тийшээ эсвэл хагалбар гэсэн гурван янз дэлтэй байдаг тухайлбал Эрдэнэчулууны “шарга”, Батхүүгийн “Толин хул” азрага хагалбар, шингэвтэр дэлтэй байхад, У. Буяндэлгэрийн “Жинст хонгор” азрага буруу тийшээ, өтгөн дэлтэй, гэтэл Г. Ганхүүгийн “үст хүрэн” азрага зөв талруугаа, шингэн дэлтэй байх жишээтэй. Зөв талруу дэлтэй азрага эр төл олонтой, буруу талруугаан дэлтэй нь охин төл олонтой, хагалбар дэлтэй азрага эр эм төлийн тоо адилхан гэсэн таамаглал дэвшүүлж, энэ талаар уяачид, судлаачдын сонорт хүргэж цаашид гүнзгийрүүлэн судлахыг сонордуулая.
Сүүл нь боолттой бол заавал хазаартай байна, хазаартай байвал сужиганд уяатай эсвэл сужиг тойруулж биеийнх хөшөөг гаргаж, баалгаж байгаа эсвэл услахаар хөтлөж яваа гэх мэтчилэн ямар нэг үйлдэл хийж байна гэсэн үг. Иймд тавьхиж ирээд гишгүүлж байгаагаар дүрслэхийн тулд хүүхэд хөтлөж сужигаа нар зөв тойрч байгаагаар нэмж баримаар санагдана. Хурдан морийг хүүхэдгүйгээр төсөөлж үл болно. Үзсэн хэн ч Монголчуудыг морьгүйгээр төсөөлж үл болно гэдэг нь ийм учиртай юм байна хэмээн ухаархаар дүрслэмээр байна. Шинжлэх ухааны хэлээр бол морь нь монголчуудын махан болон гэрлэн биеий нь ариусгаж байдгийг ойлгуулах хэрэгтэй.
Өвөрхангайчууд “арвагар” гэж өхөөрдөж нэрлэснийг бодоход арвайчуудын сүлд хийморийн билиг тэмдэг, шүтээн байсан баймаар


гэтэл цогцолборын төв хэсэгт хээрийгээ зүүн урд буланд шахаад нар шингэхийн өмнөхөн үед баруун урдаас зургий нь авхаар байрлуулсан, морио тойроод хүндэтгэл үзүүлээд, авшиг хүртээд, нар зөв гурав тойроод гарах боломжгүй, мундаанаас нь адис авах гэтэл сойлгогүй, мөнх тэнгэрээс авшиг хүртэе гэж толгой руу нь харсан чинь хөхөлий нь хайчилж авчихснаар бүтээжээ. Энэ гол хэсэг ивээн тэтгэгчдийн танилцуулгын булан болжээ гэмээр, цогцолборыг үзээд буцаж явахдаа бодоход арвайчууд маань арвай хээрийнхээ нэрээр арвайчуудаас төрсөн наймаачдаа мөн ч сайн сурталчилжээ, морио биш шарын шашиныг маш хүчтэй шүтдэг болжээ, аравгар хээр чинь бурхан, шашины хишиг болохоос армаг хурдан азраганы төл биш гэж ухаарав. Морь саагаад айраг болон бусад олон төрлийн бүтээгдэхүүн хийгээд байгаа тухай Энхболд телевизороор ярьсаар байгаад их хурлын гишүүнээр сонгогдсоныг ч эргэн санахад (Худлаа гэвэл монгол телевизийн алтан фондонд үзээрэй) сэтгэлд нэг л дутуу санагдав. Залуучууд маань морь гүүгээ ч ялгахаа больноо гэдэг монгол хэл устаж байгаагийн баталгаа ч гэмээр. Эндээс бэлчээрийн мал байвал малчин байна, малчин байсан цагт монгол хэл амьдрана гэсэн дүгнэлт гарч байна.
Адуу хүн хоёр байгалийн бүтээл, харин морь МОНГОЛ хүний бүтээл. Монголчууд морийг бүтээснээрээ: 1. Дэлхийн талыг эзлэсэн. 2. Суурингийнхан морийг дуурайж төмөр морь бүтээж эхлэснээс өнөөдрийн автомашин, ер нь хөдлөдөг машин механизмийг бүтээсэн гэсэн ч уулан дээгүүр тухайлбал Цэцээ гүн дээр гарах машин хийж чадаагүй л байна. 3. Өртөөнөөс эхлээд орчин үеийн холбоо харилцааны систем хөгжсөн. 4. Цагаан зурхайг монголчууд зохиохдоо 12 жилд монгол хүн буюу өөрийгөө “морь” гэж нэрлэж оруулсан төдийгүй эр жилийг мориноос эхлэж тоолохыг тогтоосон. 5. Таван махбодын онолоор морь жил хий махбодтой учраас монгол хүн хий махбодтой хэмээн шинжлэх ухааны үндэслэлтэй бичиж, олон түмний сонорыг мялааж байдгаа “монгол малын шинжийн судар” номноосоо хуулав. Хуулхын учир нь морины хөшөөг аравнайлж, бурхан залсан нь арвагар хээрийн сүнсийг залж хөшөөнд шингээсэн тул хөшөөг үзсэн хэн ч тэр сүнстэй нь учирч гэрлэн биеэ ариусгадаг болохыг ухааруулах зорилго тавив.
Дээд хөх тэнгэрээр тэтгүүлж, дэргэдэх бор дэлхийгээр хооллож, дөрвөн цагийн орчилд “агаар-салхи”-ийг шинжлэх арга ухаан, далд мэдрэмж болон уран сайхны сэтгэмжийн илэрхийлэл, гоо сайхны таашаал, эдгээртэй шүтэлцэн багцарч, үеэс үед уламжлан ирсэн үг, утгын сан, соёлын үнэт зүйлийн нэгд тооцдог монгол ухааныг бишрэлтэй.
Салхийг амь тээгч, үнэр тээгч, үнэр хөтлөгч, оосор бүчгүй огторгуйн цагаан салхи, салхин хүлэг, салхин хүрд, атгаад хадгалж болдоггүй нутгийн цэнхэр салхи, эх нутгийн ноён салхи, суусарын гүйдэлтэй, шогшоо бор салхи, монголын үнэртэй салхи, эмнэг цэнхэр салхи, дэггүй цэнхэр салхи, зөөлөн сэвэлзэх салхи, отгон тэнгэрийн цэцэгсийн сайхан үнэрийг дорнодын талд хонь хариулж яваа бүсгүйд хүргэгч гүйгүүл цэнхэр салхи, өнө холын дуртхалын сэжүүр дэрвүүлэх пансан цэнхэр салхи, сэвшээ хонгор, хул, бурхан буудайн хөх, сайхан бүсгүйн хөхийг гижигдэх дэггүй цэнхэр салхи гэхчилэн нэг зохиогчийн бичсэнээр адуу хий махбодтой учраас салхины үнэрийг сайн мэдэрч, бие сэтгэл нь ариусдаг учраас гараанаас зугтаасаар байгаад түрүүлсэн морийг салхинаас өөр юм гүйцсэнгүй ээ, далд ирлээ гэж уяачид бахархдагын учир энэ болой.
Нүүж эх дэлхийн шимийг хүртдэг монголчууд, суудал шүтсэн өрнөдийнхнөөс ялгатай нь адууг дөрвөн улирлын чанар өнгөн дээр, орчлон мөнх бусын сургаал номнол дээр, “хоосон чанарын” дэнсэн дээр тавьж, танин мэдэж, төрийн сүлдэндээн залж, амь амьдралаа мөнхжүүлж, хүн төрлөхтөний жам ёстой шүтэн барилдуулж, өнөөг хүрч ирсэн төдийгүй ирэхүйн орчилд ч суурин иргэншилийнхэнтэй зэрэгцэн орших болноо.
Монгол хүн хий махбодтой хэмээн миний цэцэрхийн утга үүнд оршино.


Ардчилалын 20 жилийн ойн мэндийг хүргэж,
Таньд “Толин хул” азраганы чинь буян хишиг цагийн саалтанд
сааралгүй мөнхөд ивээж байх болтугай,


Монгол Улсын Гавъяат багш, доктор, профессор Х. Сүхбаатар
Харилцах хаяг: www.ekhis.blogspot.com



2009,12,09

No comments:

Post a Comment